• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Гомдол, мэдээлэл гаргах

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл:

  • Аж ахуйн нэгж байгууллага
  • Албан тушаалтан
  • Хувь хүн ХЭҮК-т гомдол, мэдээлэл гаргаж болно.

Жишээ нь: Удирдлагатайгаа үзэл бодол таарахгүйгээс болж ажлаас халагдсан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч зохих санд төлөөгүй, холбогдох төрийн байгууллага түүнийг аваагүйгээс болж иргэн тэтгэвэр, тэтгэмж, эмнэлгийн тусламж авч чадахгүй хохирсон, гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглосон заалтыг зөрчсөн, эрүүгийн хэрэгт сэжиглэж хууль бусаар цагдан хорьсон, цагдан хоригдож байх явцдаа эрүүл мэндээрээ болон амь насаа алдаж, хохирсон бол тухайн хувь хүн гомдол гаргаж болно.

Гомдол, мэдээлэл гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн даруй гомдол, мэдээллээ гаргана. Комисс гомдол, мэдээлэл гаргагчийн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн, эсхүл тийнхүү зөрчигдсөнийг мэдсэн өдрөөс хойш хоёр жил хүртэлх хугацаанд гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авна.

Жишээ нь: Хэн нэгэн иргэнийг ээлжийн амралттай байх хугацаанд ажиллаж байсан байгууллага буюу салбар нэгжийг нь татан буулгаснаар ажлаас нь халсан бол түүний хөдөлмөрлөхтэй холбогдсон эрх зөрчигдсөнийг байгууллага татан буулгах шийдвэр гарсан өдрөөр биш, уг хүн энэ шийдвэрийг мэдсэн өдрөөс эхлэн тооцно гэсэн үг.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Тусгаар тогтнолын талбай Засгийн газрын XI байр, 5 дугаар давхарт

Утас: 70 000 222, 262786, 262971

Факс: 976-51-262786

Цахим шуудан: info@nhrcm.gov.mn

ГОМДОЛ ГАРГАХ