• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Зэвсэгт хүчний ангиудад хийсэн шалгалтын дүнг танилцууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18. 2 дахь хэсэгт заасан бүрэн эрх, байгууллага хоорондын хамтран ажиллах Санамж бичигт заасан үйл ажиллагаа, чиглэлийн хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссоос өнгөрсөн 3 дугаар сард Зэвсэгт хүчний 032, 013 дугаар ангиудад тус тус  хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан билээ. Хяналт шалгалтын дүнгийн нэгдсэн хурлыг 2012 оны 4 дүгээр сарын 16-нд Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Улсын Ерөнхий Прокурорын Газар, Нийслэлийн Прокурорын Газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд зохион байгуулав. Шалгалтыг хүний эрхийн талаарх олон улсын гэрээ конвенц, Үндсэн хууль болон цэргийн албаны харилцааг зохицуулсан холбогдох хууль тогтоомжоор баталгаажуулсан цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, сурч боловсрох, халдашгүй, чөлөөтэй байх эрх, өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилтийн байдал, мөн цэргийн алба хаагчдын хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлын хүрээнд хийсэн юм. Уг шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, хяналт шалгалтын нэгдсэн дүнг үндэслэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Зэвсэгт хүчний 032 дугаар ангид Комиссын  гишүүний шаардлага, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид Комиссын гишүүний зөвлөмж, энэхүү шаардлага зөвлөмжийн хувийг Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний Жанжин Штабт тус тус хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахаар Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлаар шийдвэрлэлээ.