• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх” олон улсын хурал болно

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон Далайн бүсийн чуулган (APF), Швейцарийн Хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба Хүний эрх” сэдэвт олон улсын хурлыг 2012 оны 10 дугаар сарын 10-12-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжсөнөөр улс орны эдийн засгийн өсөлтөд жинтэй хувь нэмэр оруулж буй ч уул уурхайн үйл ажиллагаанаас улбаатай хөрсний эвдрэл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, агаарын бохирдол зэрэг сөрөг үр дагаврууд бий болж байна. Энэ нь нутгийн иргэд, ялангуяа малчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, өмч хөрөнгө эзэмших, өмчлөх, соёл, ёс заншлаа хадгалах эрхийг хөндөхийн зэрэгцээ уламжлалт аж ахуйгаа эрхлэх боломжгүй болсноор хэдэн зууны турш нүүдэллэн амьдарсан төрөлх нутгаа орхин нүүж, амьжиргааны өөр эх үүсвэр хайхад хүргэж байна.    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс уг асуудалд анхаарал хандуулан НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Швейцарын Хөгжлийн агентлаг, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран уул уурхайн идэвхтэй үйл ажиллагаа явагдаж байгаа бүс нутаг болох Өмнөговь аймгийн Гурвантэс, Цогтцэций, Ханбогд сум, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Төв, Ховд, Говь-Алтай зэрэг аймагт 2011-2012 онд ажиллаж, цуврал судалгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан юм. Эдгээр судалгаа, хяналт шалгалтын ажлын үр дүн болон төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, иргэний нийгмийн байгууллага зэрэг оролцогч талуудын байр суурийг сонсох, өргөн хүрээний хэлэлцүүлэг бүхий олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна. Манай улс дахь уул уурхайн үйлдвэрлэл хүний эрх, эрх чөлөөний төлөв байдалд үнэлгээ, дүгнэлт өгөх, уул уурхайн бизнесын үйл ажиллагаан дахь олон улсын болон үндэсний хэм хэмжээ, энэ чиглэлээр дотоод, гадаадын сайн туршлагыг дэлгэрүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох нь уг хурлын гол зорилго юм. Хурал "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн асуудал" болон "Уул уурхайн бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн бусад тулгамдсан асуудал” гэсэн 2 салбар хуралдаантайгаар явагдана. Салбар хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн  уул уурхайн үйл ажиллагааны явцад  хүний эрх эрх, чөлөөг хүндэтгэх, хамгаалах, тогтолцоог бэхжүүлэх, оролцогч талуудын эрх үүрэг хариуцлагыг тусгасан "бодлогын баримт бичиг” гаргаж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллах  юм. Оролцогчид: Холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтан (МУ-ын Ерөнхийлөгч, УИХ, ХЭҮК, ЗГ, ХЗЯ, ГХЯ, БОНХЯ, ХЯ, УУЯ, ЭМЯ, АМГ, МХЕГ г.м) Монгол Улсад уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд Уул уурхай, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл (МҮЭХ, ШУА, ТББ, иргэний хөдөлгөөн, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид г.м) Уул уурхай үйл ажиллагааны явцад эрх нь хөндөгдсөн иргэд Олон улсын байгууллага (НҮБХХ, НҮБХЭДКГ, ОУХБ, АНДХЭҮБЧ-ны Нарийн бичгийн дарга нарын газар, гишүүн байгууллагууд, Эмнести Интернэшнл, Оксфам, Моментум Интернэшнл Партнершип г.м)-ын төлөөлөл Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, дараах хаягаар хандана уу: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс референт Г.Агар-Эрдэнэ Утас: 976-51-262971, 976-51-262751 Факс: 976-11-320284 Цахим шуудан: g.agar-erdene@mn-nhrc.org