• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Ньютель” ХХК-ийн ерөнхий захирал Д.Нарантуяад Комиссын гишүүн шаардлага хүргүүллээ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст "Ньютель” ХХК-ийн ажилтнуудаас ирүүлсэн мэдээлэл, бусад нотлох баримтад үндэслэн ХЭҮК-ын гишүүн Ж.Дашдоржийн гарын үсэг бүхий шаардлагыг 2013 оны 1 дүгээр сарын 17-нд тус компанийн ерөнхий захирал Д.Нарантуяад хүргүүллээ.  "Мобиком корпорацийн охин компани "Ньютель” ХХК-д хүргүүлсэн Комиссын гишүүний шаардлагад "...Тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон дараахь шаардлагыг хүргүүлж байна. Үүнд: 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт "Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1-д заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй” гэж заасан. Гэтэл гэрээт ажилтнуудтай байгуулж буй хөдөлмөрийн гэрээний 1.3-т "ажилласан цаг тутамд олгох хөлсний хэмжээ” гэх ойлголтыг бий болгож, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг огт тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээгээр талуудын тохиролцох ёстой гол нөхцөлийг гэрээнд тусгаж, зөрчлийг нэн даруй арилгах; 2. Туршилтаар ажиллаж буй ажилтан ажил олгогчийн хөдөлмөрийн дотоод журам болон бусад журамд заасан тэтгэмж, тэтгэлэг, тусламж, бусад хөнгөлөлт хангамжуудыг эдлэхгүй байхаар хөдөлмөрийн гэрээнд заасан нь хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглосон зарчимд харшилж байх тул зөрчлийг нэн даруй арилгах; 3. Хөдөлмөрийн харилцаанд тэгш боломж, хандлагыг үгүйсгэх буюу зөрчихөд хүргэж байгаа "гэрээт ажилтан”, "цагийн ажилтан” гэх тодорхойлолтыг ажлын байранд хэрэглэхгүй байх, аливаа ялгаварлах, хавчин гадуурхах, эсвэл давуу байдал олгох үйлдэл гаргахгүй байхад анхаарч ажиллах. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу шаардлагын мөрөөр тодорхой арга хэмжээг авч, хуульд заасан хугацааны дотор авсан арга хэмжээний тухай бичгээр хариу мэдэгдэнэ үү" гэжээ.