• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Оюутан залуус та бүхнийг “Парламентын мэтгэлцээн" тэмцээнд оролцохыг урьж байна

"ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН” ТЭМЦЭЭНИЙ БОЛЗОЛ  Жил бүрийн 12 дугаар сарын 10-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг олон улсын хүний эрхийн өдрийг угтан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын санаачлагаар Нээлттэй нийгэм форумтай хамтран парламентын мэтгэлцээнийг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд зарлаж байна.  Зорилго:  1. Хүний эрхийн тулгамдаж буй асуудалд оюутнуудын анхаарлыг хандуулах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;   2. Асуудалд хүний эрхийн мэдрэмжтэй хандах хандлагыг төлөвшүүлэх, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах, бүтээлчээр болон шүүмжлэлтэй сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, асуудлыг хүний эрхийн үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлоход чиглэнэ. Зохион байгуулалт:  Багуудын мэдүүлгийг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл хүлээн авна. Тэмцээнд ирүүлсэн багуудын мэдүүлэг дэх хариултад хамгийн өндөр оноо авсан найман (8) багийг сонгоно. Шалгарсан багуудыг санамсаргүй сонгох байдлаар мэтгэлцэх багуудад хуваарилна. 11 дүгээр сарын 30-ны өдөр шалгарсан арван багийг зарлана. Мэтгэлцээний тэмцээнийг ХЭҮК-ын 514 тоот өрөөнд 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулна.  Шагналын сан: 1-р байр – 1 баг – 300,000 төг дурсгалын зүйл  2-р байр – 1 баг – 200,000 төг дурсгалын зүйл 3-р байр – 1 баг – 100,000 төг дурсгалын зүйл  Шилдэг илтгэгч - 1 оролцогч – 100.000 төг дурсгалын зүйл Тавигдах шаардлага: Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр бакалаврын эрдмийн зэрэг горилж буй их дээд сургуулийн өдрийн ангийн суралцагч байх Багийн гишүүний хамт дор тавьсан асуултад хариулах байдлаар эссе бичиж, мэдүүлгийн хамт өгөх: "Олон нийтийг хамарсан үймээнээр цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирчээ. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн үү?” Мэдүүлэг нь: Мэдүүлэгт оролцогчийн овог, нэр, сургууль, холбоо барих утас, и-мэйл зэрэг мэдээллийг тодорхой бичсэн байх бөгөөд info@mn-nhrc.org хаяг уруу илгээнэ. Цаасны хэмжээ: А4 Хуудасны тоо: 1-2 Yсгийн фонт: Аrial; Үсгийн хэмжээ: 12; Мөр хоорондын зай: 1.15. Монгол хэлний дүрмийн болон хэл найруулга зүйн хувьд алдаагүй байх; Ашигласан ном, зохиолын эх сурвалжийг заавал дурдсан байна. Тодруулга, лавлагаа: Утас:(976-51) – 262751 (Референт Б.Болорсайхан);            (976-51) – 262902 (Мэргэжилтэн З.Эрдэм)   МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС   Цахим шуудан: info@mn-nhrc.org   Цахим хуудас: www.mn-nhrc.org   Шуудангийн хаяг: Чингэлтэй дүүрэг, VI хороолол, Эрх чөлөөний талбай, Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот, 15140 Монгол Улс  ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН Парламентын мэтгэлцээн нь Парламентын танхимын онолын мэтгэлцээнээс үүдэлтэй, учир шалтгааны тайлал, хурц ухаан, уран илтгэх чадвараа уралдуулахад чиглэдэг. Засгийн газар болон сөрөг хүчнийг төлөөлж буй 2 гишүүнтэй багууд нь парламентын танхимд санал болгож буй шийдлийг хэлэлцүүлнэ. Мэтгэлцээн эхлэхээс 20 минутын өмнө мэтгэлцэх сэдвийг зарлах ба уг шийдэл нь хүний эрхийн асуудалтай холбогдох улс төр, эдийн засаг, нийгмийн салбарын ямар ч хүрээг хамарсан байж болно. Парламентын мэтгэлцээний дүрэм  Засгийн газар буюу нотлогч баг (цаашид ЗГ гэх) нь Ерөнхий сайд (ЕС), Засгийн газрын гишүүнээс (ЗГГ) бүрдэнэ. Сөрөг хүчин буюу няцаагч баг (цаашид СХ гэх) нь Сөрөг хүчний удирдагч (СХУ), Сөрөг хүчний гишүүнээс (СХГ) бүрдэнэ. Илтгэх дараалал нь дараах байдалтай байна. Үүнд:  1.    Ерөнхий сайд – Нотолсон байр сууринаас нөхцөлийг илтгэнэ. (7 минут) 2.    Сөрөг хүчний удирдагч – Няцаасан байр сууринаас нөхцөлийг илтгэж, ЕС-ын аргументад хариулна. (8 минут)  3.    Засгийн газрын гишүүн – Нотолсон байр сууриа илтгэж, СХУ-ийн аргументад хариулна. (8 минут) 4.    Сөрөг хүчний гишүүн – Няцаасан байр сууриа илтгэж, ЗГГ-ийн аргументад хариулна. (8 минут)  5.    Сөрөг хүчний удирдагчийн няцаалт – Өмнөх үеийг нэгтгэн дүгнэнэ. Өөрөө шинэ аргумент гаргаж болохгүй. (4 минут) 6.    Ерөнхий сайдын няцаалт илтгэл – Өмнөх үеийг нэгтгэн дүгнэнэ. СХУ/СХГ-ийн гаргасан шинэ аргументад хариулна. Өөрөө шинэ аргумент гаргаж болохгүй. (5 минут)  Мэтгэлцээний шийдвэрийг шүүгчид гаргана. Илтгэгч нарын илтгэлд 1-4 хүртэл оноо өгнө. Шүүгчид өөрсдийн байр суурь, нотолгоогоо хамгийн сайн хамгаалсан, их оноотой багийг хожсонд тооцно. Шүүгчид оноо өгөхдөө дараахь зүйлсийг удирдлага болгоно. Үүнд: Нотолгоо ба дүгнэлт  Өөрийн байр суурийг илэрхийлсэн логик дүгнэлт гаргаж чадаж байгаа багийг илүү үнэлнэ. Дүгнэлт нь задлан шинжилгээнээс хийх ба илтгэгчийн гаргасан нотолгоо нь тодорхой үнэмшилтэй, эсрэг талын гаргасан аргументуудыг эсэргүүцэх чадвартай байна. Гаргасан дүгнэлтүүд нь өөрийн багийн бусад нотолгоотой зөрчилдөхгүй байх ёстой. Хэрэв энэ зөрчлийг эсрэг баг нь гаргаж ирвэл илүү үнэлнэ. Байр сууриа дэмжсэн нотолгооны үнэмшилтэй байдал  Парламентын мэтгэлцээнд нотолгоо тоо баримт дээр төдийлөн тулгуурладаггүй ч багууд амьдралын бодит жишээн дээр тулгуурласан мэдлэгээр өөрийн баримтлалыг дэмжиж болно. Баримт сэлт нь задлан шинжилгээ хийхэд гол тулгуур болддоггүй ч хийсвэр аргументыг батлахад түлхэц болно. Няцаалт  Мэтгэлцэгчид зөвхөн өөрийн талын баримтлалыг илтгээд зогсохгүй мөн эсрэг талын нотолгоог бодитойгоор няцаах үүрэгтэй. Шүүгчид нь эсрэг талынхаа нотолгоог нэг бүрчлэн няцаахыг шаардахгүй ч гэсэн тэмцээний үед оролцогчид гол үндэслэлүүд дээр няцаалт өгнө. Хүний эрхийн мэдрэмж  Хүний эрхийн зарчмыг удирдлага болгон, асуудалд субьектив байр сууринаас бус, хүний эрхийн мэдрэмжтэйгээр обьектив байдлаар хандана. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, хүний нэр төр, үнэ цэнэ, мөн чанарыг хүндэтгэнэ. Хэлбэр болон илтгэх чадвар  Илтгэх хэлбэр нь илтгэлийн агуулгатай адил их чухал ба мэтгэлцэгчид хэрхэн жигд, итгэл үнэмшилтэй илтгэхийг шүүгчид үнэлнэ. Сэтгэлийн хөдөлгөөн, дууны өнгө, гарын хөдөлгөөн зэргийг зөв хэрэглэж чадвал ямар ч илтгэлд сайнаар нөлөөлнө. Хамтын ажиллагаа  Мэтгэлцэгчид баг бүрдүүлэн оролцох ба харилцан бие биенийхаа санааг дэмжин тэмцээний турш багийн нэгдмэл чанарыг хадгална. Мэтгэлцэгч өөрийн хамтрагчийн санааг эсэргүүцэхгүй, дэмжин дэлгэрүүлэх ёстой. Хошин шогийн мэдрэмж  Хошин шогийн мэдрэмж нь парламентын мэтгэлцээний чухал хэсэг бөгөөд мэтгэлцээнийг сонирхолтой болгохын тулд оролцогчдын шог хошин яриаг дэмжинэ. Зохисгүй шог яриа, доромжлолыг хориглоно. Хошин шогийн мэдрэмжийг шүүгчид шийдвэр гаргахдаа харгалзана.