• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төв аймаг дахь 403 дугаар хорих ангид шалгалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Лүн сумын нутагт байрлах ШШГЕГ-ын хорих 403 дугаар ангид хяналт шалгалт хийв. Тус хорих ангид Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга П.Хосбаяр нараар ахлуулсан баг тусгай удирдамжийн дагуу ажиллалаа. Хамтарсан шалгалтын үр дүнд "Авдрантын" буюу 403 дугаар хорих ангид ял эдэлж буй хүмүүсийн Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөө нь хангагдаж байгаа эсэх, ялтны байрны ахуй нөхцөл, эргэлт, уулзалтын байр, эмнэлгийн үйлчилгээний хүртээмж, хүнсний хангамж, хорих байгууллагын ажилтнуудын зан харилцаа, ялтны хувийн хэргийн бүртгэлийн байдал зэрэг нь хүний эрхийн үндсэн зарчимд хэрхэн нийцэж буйг үзэж танилцан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлүүлж, эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсийн хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах талаар тодорхой арга хэмжээ авахуулж хамтран ажиллахаар болсон юм.  Төв аймгийн Лүн сумын нутаг дахь тус хорих ангид хийсэн шалгалтын дүнг  тухайн ангийн удирдлага, албан хаагчдад урьдчилсан байдлаар сонсгосон бөгөөд шалгалтын дүнг ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын холбогдох албан тушаалтнуудыг оролцуулан Комисст  хэлэлцэж, дүнгийн хурал хийх юм.