• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 09 дүгээр сарын 25-нд БНСУ-ын Койка олон улсын байгууллага болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бангкок дахь бүсийн төвийн Жендэрийн багийн ахлагч Ко Мияо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ажилтан Л.Бархас, БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч, Койка ОУБ-ын эмэгтэйчүүдийн асуудлаарх бодлогын мэргэжилтэн Юн Сук Чо, жендэрийн мэдрэмжтэй тоо баримтын мэргэжилтэн Хюнжу Сон, гүйцэтгэлийн удирдлагын мэргэжилтэн Минжэй Сон, Койка байгууллагын жендэрийн мэргэжилтэн Сүн Ян Ким нар оролцлоо. Койка олон улсын байгууллага нь манай улсад "Улс төрийн шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдпыг хангахад дэмжлэг үзүүлэх нь" төслийг хэрэгжүүлэхээр тандалт судалгааг явуулж байгаа бөгөөд төсөл боловсруулах судалгааны баг 2019 оны 09 дүгээр сарын 23-27-нд Монгол Улсад ажиллаж, уг хүрээнд уулзах хүсэлтийг гаргасан байлаа.

IMG_3082.JPG

Судалгааны баг нь Монгол Улс дахь эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөхцөл байдлын талаар төрийн холбогдох байгууллага, хөгжлийн түнш бусад байгууллагатай санал солилцох, практик зөвлөмж, төлөвлөгөө боловсруулах зорилготой ажиллаж байгаа гэв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс уг төслийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.