• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Химийн хорт болон аюулт бодисыг хадгалах, хамгаалах, ашиглахыг яаралтай цэгцэлж, шийдвэрлэх ёстой гэв

Дэлхий дээрх химийн бодисын 90 орчим хувийг нь манай улс судалж, шинжилж амжаагүйгээс гадна өдөр тутамдаа хэрэглэж буй химийн хорт болон аюулт бодисыг хадгалах, хамгаалах, ашиглах явдлыг яаралтай цэгцэлж, шийдвэрлэх зайлшгүй чухал асуудал гэдэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг санал нэгдлээ. Учир нь талууд хамтран "Бодис-2020" арга хэмжээг 2020 оны 9 дүгээр сараас эхлэн орон даяар зохион байгуулж хяналт шалгалтыг хийж байна. Хамтын ажиллагааны хүрээнд 2020 оны 9 дүгээр сард Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллаж, химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдлыг нийт 13 байгууллага, аж ахуйн нэгж, объектод хяналт шалгалтыг явуулсан юм. "Бодис-2020" хамтарсан арга хэмжээний явц, үр дүнгийн талаар дээрх 4 байгууллагын ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 25-нд хуралдаж, мэдээлэл солилцохдоо Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөллийг урьж оролцуулан цаашид уг асуудалд анхаарал хандуулж, "Бодис-2020" арга хэмжээнд хамтран ажиллахыг санал болголоо.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг ноцтойгоор зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүсч мэдэхээр байгааг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2019 онд 21 аймаг болон Улаанбаатар хотын бүсэд хийсэн шалгалтын дүнд тулгуурлан 2020 онд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"-д тодорхой саналуудыг шийдвэрлүүлэхээр хүргүүлээд байгаа билээ. "Бодис-2020" хамтарсан арга хэмжээ үргэлжилж байна.