• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын сонгох эрхийг эдлүүлэх боломжийн талаар хэлэлцэнэ

2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль зохион байгуулах, түүний бэлтгэл ажилтай холбогдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс сонгууль өгөх насны бүх хүмүүст сонгох эрхээ эдлэх боломж нөхцлийг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. 18 нас хүрсэн иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх, түүнчлэн ээлжит сонгуулийн үеэр гардаг сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой зөрчлийг гаргуулахгүй байх үүднээс ХЭҮК өнгөрсөн дөрөвдүгээр сард Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн эдгээр байгууллагуудтай хамтран ял шийтгэлтэй эсэх нь эцэслэн шийдвэрлэгдээгүй, сэжигтнээр татагдан урьдчилан саатуулах болон цагдан хорих төвд түр саатуулагдагсад болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг сонгох эрхийг эдлүүлэх боломжоор хангахын төлөө ажиллах юм.  Тэгвэл өнөөдөр буюу 2012 оны 5 дугаар сарын 04-нд Хүний эрхийн Үндэсний Комиссоос Сонгуулийн Ерөнхий Хороо, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Хил хамгаалах Ерөнхий Газар, Дотоодын цэргийн удирдлагуудтай санал солилцох уулзалтыг зохион байгуулж байна.  Уулзалтаар хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын сонгох эрхээ эдлэх боломжийг хангах, тэдгээрийн иргэний үнэмлэхийг бэлэн байлгах, нэрсийн жагсаалтыг үйлдэх зэрэг сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалтай холбоотой асуудлаар санал солилцох юм.