• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалт

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж байгаа аливаа хяналт шалгалтын зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавих, шалгалтын явцад эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн нь илэрвэл зөрчлийг арилгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, цаашид дахин энэ төрлийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангаж ажиллах үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд чиглэнэ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 16 дугаар зүйл, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт зааснаар Комиссын гишүүн гомдлын мөрөөр болон хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаарх мэдээллийг үндэслэн өөрийн санаачлагаар, эсхүл аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр шалгалт хийх бүрэн эрхтэй. Комиссын гишүүн гомдлын мөрөөр шалгалт хийхтэй холбогдсон дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: Гомдол гаргагч, холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүнээс гомдлын талаар бичгээр тайлбар авах. Хэрвээ гомдол гаргагч нь бичиг үсэг мэдэхгүй бол амаар тайлбар авч, энэ тухай тэмдэглэл хөтөлсөн байна; Гомдол гаргагч, холбогдох хүмүүсийг дуудан ирүүлэх; Гомдолтой холбогдолтой асуудлаар аль ч аж ахуйн нэгж, байгууллагад саадгүй нэвтрэн орж, түүний хурал, зөвлөлгөөнд оролцох, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзах; Шаардлагатай нотлох баримт, албан бичиг, мэдээллийг байгууллага, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, газар дээр нь танилцах; Тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд зохих байгууллагын шинжээчийг томилж, дүгнэлт гаргуулах; Гомдлыг хянан үзэх явцад уул гомдол нь эрүү, иргэний хэрэг маргааны шинжтэй гэж үзвэл түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтанд харъяаллын дагуу шилжүүлэх; Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд дангаар буюу төрийн эрх бүхий байгууллага, тэдгээрийн албан тушаалтанд санал болгосны үндсэн дээр хамтран шалгалт явуулах; Бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзсэн тохиолдолд холбогдох хуульд заасан журмын дагуу төр, байгууллага, хувь хүний нууцтай танилцах Комиссын гишүүн албан үүргээ гүйцэтгэх явцад түүнд илэрхий болсон, эсхүл өөрт нь итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг чандлан хадгална. Комиссын гишүүн нь Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу хяналт шалгалтын үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн нь илэрвэл түүнийг арилгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх талаар холбогдох байгууллага албан тушаалтанд шаардлага, харин аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй шалтгаан нөхцөл илэрвэл, түүнийг арилгуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор, зөвлөмж гаргаж холбогдох аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд хүргүүлнэ. Шаардлага хүлээн авсан байгууллага, албан тушаалтан 7 хоногийн дотор зөрчлийг арилгаж, хариу ирүүлнэ. Харин зөвлөмж хүлээн авсан байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хариу ирүүлнэ. Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Комиссын гишүүний шаардлагыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор, зөвлөмжийг хүлээн авсанаас хойш 30 хоногийн дотор хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан хариуг бичгээр ирүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд зааснаар Комиссын гишүүн нь шаардлага, зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээ авахаас татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, эрх бүхий албан тушаалтны талаар хуульд заасан журмын дагуу шүүхэд хандахаас гадна гаргасан шаардлага, зөвлөмжөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх, мэдээлэх эрхтэй. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2011 онд 15, 2012 онд 14 аж, ахуйн нэгж байгууллагад тус тус шалгалт хийж, Комиссын гишүүн шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна. Комиссоос 2012 онд хийсэн шалгалтын мэдээг хүснэгтээр харуулбал:    № Огноо Шалгалт хийсэн газар Шалгалтын зорилго Хамтарч ажилласан байгууллага    1. 2012.01.31 Саусгоби-Сэндс ХХК Хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг шалгах МҮЭ-ийн Холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо    2. 2012.03.09-10 ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 0461 дүгээр анги Сэжигтэн, яллагдагчийн эрхийн хэрэгжилтийг шалгах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар    3. 2012.03.12-13 Зэвсэгт хүчний 032 дугаар анги Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилтийг шалгах      4. 2012.03.14-15 Зэвсэгт хүчний 013 дугаар анги Хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилтийг шалгах      5. 2012.03.29-30 Дундговь аймгийн Айраг суман дахь уул уурхайн үйл ажиллагаа Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг шалгах      6. 2012.06.11-21 Баянхонгор аймгийн Баян-Овоо сум Бичил уурхай эрхлэгчид, Говь-Алтай аймгийн Чандмань сум Бичил уурхай эрхлэгчид, Бигэр сум "Марко Поло" ХХК, Цээл сум "Алтай Хүдэр" ХХК, Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг шалгах      7. 2012.05.24 ШШГЕГ-ын харьяа хорих 0427 дугаар анги Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүмүүсийн эрхийн хэрэгжилтийг шалгах      8. 2012.05-07 сар Нийслэлийн 8 дүүргийн 23 шашны байгууллага, 12 аймгийн 28 байгууллага Хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгах Хүүхдийн төлөө газар, Хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд    9. 2012.11.27-28   1. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай дунд сургууль   2. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай дунд сургууль   3. 25 дугаар тусгай дунд сургууль   4. 63 дугаар тусгай дунд сургууль   5. 70 дугаар тусгай дунд сургууль 6. 55 дугаар тусгай дунд сургууль Хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтийг шалгах