• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн илтгэл хэлэлцүүлэг зохион байгууллаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсад хүний эрхийн онолын ойлголтыг хөгжүүлж буй хүний эрхийн мэргэжилтэн, судлаачдын эрдэм шинжилгээний болон практик ажлын үр дүнг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор хүний эрхийн цуврал илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон юм. Олон нийтэд нээлттэй, хүссэн хүн оролцох боломжтой тус  арга хэмжээ нь сар тутам болох бөгөөд Хүний эрхийн асуудлаарх цуврал илтгэлийн анхны илтгэлийг нь 2012 оны 3 дугаар сарын 21-нд Улсын их хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Тэмүүжин "Парламентын хяналт ба Хүний эрх” сэдвээр уншлаа. Зөвхөн дан ганц илтгэгчийн үгийг сонсоод суух биш, тухайн хөндөж буй асуудал, сэдвийн хүрээнд  хүссэн хүн бүр үзэл бодол, байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлсэн нь иргэдийн идэвхийг сэргээж байлаа. Хэлэлцүүлэгт иргэнийн нийгмийн байгууллын төлөөлөл, хүний эрхийн сургалт явуулдаг их дээд сургуулиудын оюутан залуус идэвхтэй оролцлоо. Илтгэл хэлэлцүүлгийн дараагийн сэдэв нь "Ус ба хүний эрх”. Уг хэлэлцүүлгийг ирэх дөрөвдүгээр сард зохион байгуулах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрхийн асуудал хариуцсан зөвлөх асан, хатагтай Ц.Оюунгэрэл илтгэлийг тавих юм.