• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн сургалт болон малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж туслах малчдыг чадавхжуулах нь" төслийг 4 аймагт хэрэгжүүлнэ

Нүүдэлчдийн ахуй соёл ямар чухал ач холбогдолтойг, малчин удамтай монголчууд бид үндэсний уламжлал, соёл руугаа эргэн харж, орхигдуулснаа санаж сэргээх, нандигнан дээдлэх үнэт зүйлийг энэ цаг үе улам тод харуулж байна. Covid19 гэх шинэкороновирусын халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж буй өнөөдрийн нөхцөл байдал ч энэхүү төслийн ач холбогдлыг тодотгож болох юм хэмээн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж уулзалтын эхэнд онцлов.

IMG_3343.JPG

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2020 оноос "Хүний эрхийн сургалт болон малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж туслах малчдыг чадавхжуулах нь" төслийг Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран хэрэгжүүлж эхэлж байна. Төслийн Ажлын хэсэг 2020 оны 03 дугаар сарын 23-нд хуралдлаа. Европын холбооны дэмжлэгтэй уг төслийг Архангай, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймагт хэрэгжүүлнэ.

Хүний эрхийн Үндэсний Комисс нь өнгөрсөн жил “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн хэрэгжилт: Хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” судалгааг хийсэн билээ. Судалгааны дүн болон бусад мэдээллийг үндэслэн малчдын эрх, эрх чөлөө, тэдгээрээс туслах малчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг энэ удаа онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.