• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлыг хэлэлцэн 2013 онд хамтран ажиллах чиглэлийг батлав

Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс  Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоотой хамтран ажиллах "Санамж бичиг"-ийг 2011 оны 5 дугаар сард байгуулан иргэдийн хөдөлмөрлөх эрх, эвлэлдэн нэгдэх эрхийн чиглэлээр хяналт шалгалтыг зохион байгуулж, хамтран ажиллаж ирсэн билээ. Уг Санамж бичгийн хүрээнд хамтрагч байгууллагууд 2013 оны 1 дүгээр сарын 15-нд "Хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал” сэдэвт хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссыг төлөөлөн ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын Ажлын албаны дарга Г.Золжаргал, хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ, А.Дашдэлэг нар, МҮЭ-ийн Холбоог төлөөлөн тус Холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Тэргүүлэгчдийн төлөөлөл оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх 11 дэх илтгэл”-д тусгасан "Хөдөлмөрлөх эрхтэй холбоотой зарим асуудал” сэдвээр ХЭҮК-ын Ажлын албаны дарга Г.Золжаргал, "Хөдөлмөрийн харилцааны өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал, ҮЭ-ийн оролцоо” сэдвээр МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар мэдээлэл хийлээ. Уулзалтын үр дүнд хоёр байгууллага Санамж бичгийн хүрээнд 2013 онд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэн батлав. Энэ онд ХЭҮК МҮЭ-ийн Холбоотой хамтран зарим салбарт ажиллагсдын эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ байгуулах, эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, эвлэлдэн нэгдэх эрхийн зөрчлийг арилгуулах, буруутай албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг оновчтой болгох чиглэлээр судалгаа явуулах, сургалт, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, ҮЭ-үүдийн эрхийн хуулийг боловсронгуй болгох чиглэлээр ажиллах юм.