• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цэргийн анги нэгтгэлд хүргүүлсэн шаардлагын биелэлттэй танилцлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссоос цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх, сурч боловсрох эрх, халдашгүй, чөлөөтэй байх эрх, өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой асуудлаар хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, сэргээх зорилгоор Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, хяналт шалгалтын нэгдсэн дүнг үндэслэн Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний Жанжин Штаб, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн  удирдлага, бие бүрэлдэхүүнд Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг  2012 оны 3/06 дугаар  8 зүйл бүхий шаардлагыг хүргүүлсэн бөгөөд түүний биелэлт, хэрэгжилттэй танилцав. Цэргийн ангийн сахилгын хорих байранд цэргийн алба хаагчийг Эрүүгийн хууль болон бусад хуульд заасан үндэслэл, журмаар цагдан хорих, баривчлах ял эдлүүлэх, тусгаарлан саатуулах чиг үүрэгтэй байтал сахилгын хорих байр нь хорих ангийн, цагдан хорих төвийн, эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг хэрэгжүүлдэг объект болж хувирсан байна. Үүнээс шалтгаалан тэнд хоригдож буй этгээдийн тодорхой эрхүүд, тухайлбал өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах, ар гэрийнхэнтэйгээ эргэлт уулзалт авах, эмнэлгийн тусламж авах, захидал, цахилгаанаар харилцах, өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах зэрэг эрхийг бүрэн дүүрэн хангаж ажиллаагүй гэсэн дүгнэлтийг ХЭҮК-оос хийгээд байсан юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 379 дүгээр зарлигаар шинэчлэн баталсан Цэргийн сахилгын дүрэмд офицер, ахлагч, гэрээт  цэргийн алба хаагч анги, салбарын дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын хорих байранд 3 хүртэл хоног тусгаарлан саатуулах эрхийг батальоны захирагчаас дээшхи шууд захирах дарга нар эдлэхээр заажээ. Гэвч Зэвсэгт хүчний анги, байгууллагын хэмжээнд ахлагч нарт тусгаарлан саатуулах сахилгын шийтгэлийг 10 хүртэл хоногоор хэтрүүлэн оногдуулж, хүний халдашгүй дархан байх эрхийг ноцтой зөрчсөн асуудал гарч байлаа. Хугацаат цэргийн алба хаагчдад хангалтаар олгож байгаа гутал, хувцасны чанар нь эдэлгээ даахгүй, ул, түрий нь амархан тасарч, урагддаг, цэвэрлэгээ ариутгал муу, цэргийн ёслол хүндэтгэлийн өвөл, зуны хувцсыг эдэлгээ нормын хугацаа шинэчлэгдээгүй, эрүүл ахуйн орчин нөхцөл хангалтгүй, цэргийн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил хийх шаардлагатайг шалгалтын явцад илрүүлж, зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлсэн юм. Тус ангийн зүгээс Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлагын дагуу өнгөрсөн 8 сарын хугацаанд цэргийн алба хаагчдын хууль тогтоомжоор баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хүндэтгэхэд ахиц дэвшил гарган, ололт амжилттай, үр дүнд хүрэхүйц үйл ажиллагааг хэвшүүлэн ажиллаж байгаа нь сайшаалтай. Тухайлбал, хугацаат цэргийн алба хаагчдын хувцас хэрэглэлийн норм, өмсөх заавар шинэчлэгдсэний дагуу турк загварын өвөл, зуны хагас түрийтэй гутал, дижитал загварын хувцас, ноосон цамц, биеийн тамирын хувцас, оймсыг хангалтаар авч байна. Хүндэт харуулын өвөл, зуны хувцсыг жилд 2 удаа хими цэвэрлэгээнд өгч угаалгах зардлын асуудал, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтыг ЗХЖШ-ын зүгээс нааштайгаар шийдвэрлэжээ. Цэргийн анги нэгтгэл, эмнэлгийн байранд дотор болон гадаад тохижилт, засвар үйлчилгээ, агааржуулалт, ариутгал цэвэрлэгээ тогтмол хийдэг болсны зэрэгцээ, цэргийн алба хаагчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, бялдаржуулах танхим, интернэт танхимыг шинэчлэн байгуулж, ар гэртэйгээ утсаар ярих тогтмол утастай болгосон, ангийн бүх объектод цахилгаан болон сантехникийн иж бүрэн засвар үйлчилгээ хийх зардлын төсвийг шийдвэрлүүлсэн зэрэг нь цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд үр дүнгээ өгсөн ажил болсон байна. Мөн "Сахилгын хорих байранд баривчлах ял эдлүүлэх журам”, "Сахилгын хорих байранд тусгаарлан саатуулах журам”, "Улаанбаатар цэргийн хүрээнд эргүүл хийх журам” зэргийг шинээр бий болгон мөрдөж байна. Энэхүү журмаар сахилгын хорих байранд эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглож, архи уусан, хэт их согтсон зэрэг зөрчил гаргасан алба хаагчдыг ар гэрт нь хүлээлгэн өгдөг болжээ. Сахилгын хорих байрны бүх өрөө, тасалгааг засварлаж, сахилгын хорих байрны аюулгүй ажиллагааг бий болгох үүднээс зарим  өрөөнд хяналтын камер суурилуулж, жижүүрийн дотуур утсыг ажиллуулж, албан хаагчдыг богино долгионы гар станцаар хангаснаар албан үүргээ хуулийн хүрээнд гүйцэтгэх боломжтой болсон байна. Тус ангид хийсэн шалгалтаар "Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний шаардлагад тусгасан 8 заалтын 3-ыг хэрэгжүүлэх шатанд, бусдыг нь хангалттай түвшинд хэрэгжүүлж байна" гэсэн  дүгнэлтийг ХЭҮК хийлээ.