• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай улсад ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл байгууллагын урилгаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хорооны гишүүн Арман Даниелиан, Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Европ, Төв Ази дахь хөтөлбөрийн мэргэжилтэн Маттюв Прингль,  НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Төв Ази дахь бүсийн газрын Урьдчилан сэргийлэх үндэсний механизм хариуцсан үндэсний шинжээч Улугбек Азимов, Ази Номхон Далайн Чуулганын бүсийн сургалтын менежер Сурайна Паша нар 2012 оны 04 дүгээр сарын 23-26-нд манай улсад ажиллаж байна.  "НҮБ-ын эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколын дагуу Монгол Улсад урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах нь” сэдэвт семинарийг өнөөдөр буюу 04 дүгээр сарын 24-нд  Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна. Монгол Улс нь Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг НҮБ-ын конвенцид 2000 онд нэгдэн орж, олон улсын хамтын нийгэмлэгүүдийн өмнө үүрэг хүлээсэн билээ. Эрүү шүүлтийн асуудлаар мэргэшсэн шинжээчид манай хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөлтэй уулзаж, эрүү шүүлтийн асуудлаар мэдээлэл солилцохоос гадна, "Үр дүнтэй урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг байгуулах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комисс болон холбогдох төрийн бус байгууллагуудын ажилтнуудад  сургалт явуулах юм.