• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Судалгааны ажил гүйцэтгүүлэх урилга

Судалгааны ажлын сэдэв:

“Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ба хүний эрхийн хэрэгжилт”

Үндэслэл: Хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн салбар бол Монгол Улсын эдийн засгийн голлох салбарын нэг билээ. Одоогоор манай улсын нийт өрхийн 25.9 хувь нь малтай бөгөөд мал аж ахуйн салбарт нийт ажиллах хүчний 30 гаруй хувь хамаардаг буюу мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй малчин өрх 169.7 мянга, малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлдэг малчин өрх 59.2 мянга байдаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгой ихээхэн өсч байгаа ч малчин өрхийн тоо буурах хандлагатай байна. Эдийн засгийн голлох энэ салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрлөх эрхийн асуудал тодорхойгүй байна.

Сүүлийн жилүүдэд туслах малчин гэх ойлголт түгээмэл хэрэглэгдэж, Үндэсний статистикийн хорооноос үүнтэй холбоотой статистик мэдээллийг албан ёсоор гаргах болсон бөгөөд 2019 оны байдлаар нийт 285.5 мянган малчны 94.7 хувь нь үндсэн малчид, 15.2 мянга буюу 5.3 хувь нь туслах малчид байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр баталсан “Монгол малчин” хөтөлбөрт “Мал бүхий этгээдийн малыг гэрээний дагуу малладаг туслах малчин” хамрагдана гэж заасан.

Ийнхүү туслах малчдын хөдөлмөр буюу үндсэн болон туслах малчны хооронд хөдөлмөрийн харилцаа нэгэнт бий болсон ч үүнийг зохицуулах эрх зүйн орчин төдийлөн сайн хөгжөөгүй байна. Тухайлбал, үндсэн болон туслах малчны хооронд гэрээнд суурилсан албан харилцаанаас илүүтэй аман тохиролцоонд үндэслэсэн харилцаа давамгайлж байна. Үүнээс үүдэлтэйгээр туслах малчдын хувьд эрх, эрх чөлөө нь зөрчигдөх, хуульд заасны дагуу зохих эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдал үүсэж болзошгүй юм.

Иймд туслах малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг тусгайлан судлах, улмаар хөдөлмөрийн гэрээ, урамшуулал, тэдний болон гэр бүлийн гишүүд, хүүхдийн нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, оролцоог хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг хангах талаар бодлогын зохих арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

Дээрх шаардлагын дагуу Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Хүний эрхийн сургалт болон малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж туслах малчдыг чадавхижуулах нь” төслийн хүрээнд туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, тэдний хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны ажил гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг саналаа ирүүлэхийг урьж байна.

Судалгааны үндсэн зорилго: Төслийн хүрээнд зорилтот аймаг, сумдын туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл, гэр бүлийн байдал ба хүний эрхийн нөхцөл байдал, үндсэн болон туслах малчин хоорондын хөдөлмөрийн харилцаанд үүсч буй хүндрэл бэрхшээл, зөрчлийг тодорхойлж, туслах малчдын хөдөлмөрийн хуваарь, ажлын цаг, цалин хөлс, урамшууллын нөхцөл, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах, хөдөлмөрлөх, сурч боловсрох, мэдээлэл авах, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх зэрэг эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, эдгээр харилцааг зохицуулж буй практикийг улам сайжруулах, түүнчлэн цаашид авах бодлого, зохицуулалтын арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны ажлын удирдамж болон бусад шаардлагатай мэдээллийг www.nhrcm.gov.mn/мэдээ/project холбоосоор орж үзнэ үү.

Судалгааны саналыг хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 27

Судалгааг гүйцэтгэх хугацаа: 2020 оны 05 дугаар сарын эхний долоо хоногт эхлүүлж, 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ.

Судалгааны ажлыг гүйцэтгэх үнийн дүн

  • 90 хүртэлх сая төгрөг

Судалгааны санал өгөхөд бүрдүүлэх материал

Саналаа ирүүлж буй судалгааны байгууллага нь уг судалгааг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах материалыг ирүүлнэ. Үүнд:

  • Байгууллагын хүсэлт;
  • Байгууллагын танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатаар баталгаажуулсан)-ний хамт;
  • Сүүлийн 5 жилд гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт;
  • Судалгааг гүйцэтгэх багийн удирдлага, зохион байгуулалт, менежментийн мэдээлэл: Багийн ахлагчийн товч намтар (CV), докторын дипломын хуулбар, багийн гишүүдийн товч намтар (CV), ижил төстэй судалгааны ажил гүйцэтгэж байсныг нотлох баримтууд;
  • Судалгааны хөтөлбөр, арга зүй, аргачлал бүхий судалгааны төлөвлөгөө
  • Судалгааны төсөвт багтаан боловсруулж, битүүмжилсэн санхүүгийн санал

Сонирхсон судалгааны байгууллагууд дээрх материалыг (монгол хэлээр) бүрдүүлж, s.bold@nhrcm.gov.mn цахим хаягаар болон 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 12.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот – 15140, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын бичиг хэрэг 504 тоот өрөө.

Цахим хаяг: www.nhrcm.gov.mn, Цахим шуудан: s.bold@nhrcm@gov.mn, Утас: 262589

Зөвхөн шалгарсан судалгааны байгууллагатай холбогдоно.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС