• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“БЯЦХАН ГУТАЛНУУД ЮУГ ӨГҮҮЛНЭ ВЭ?” ЧИМЭЭГҮЙ ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар, Прокурорын газар, “Generation Z” төрийн бус байгууллагууд хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаалыг аймгийн төвийн “Баганат талбай”-д зохион байгууллаа.

Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ? сэдэвт арга хэмжээний зорилго нь гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ оныг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог хангуулах жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхэд хамгаалалд эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, болзошгүй осол гэмтлээс урьдчилан сэргийлэх явдал бөгөөд жагсаалд оролцсон гутал бүхэн өөрийн гэсэн өгүүлэмж, утга санааг илэрхийлж, гэмт хэргийн улмаас хохирсон болон хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай бяцхан иргэдийн дуу хоолойг гутлаар дамжуулан хүргэж байгаагаараа онцлог юм.

Чимээгүй жагсаалыг шинэ төрлийн корона вирусын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр хөл хорио, хязгаарлалт тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөх, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс зөвхөн цахим хэлбэрээр зохион байгууллаа.