• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ-ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА" аймгийн хүүхдийн нэгдсэн чуулган зохион байгуулагдлаа

Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОУБ, Аймгийн хүүхдийн нэгдсэн зөвлөлөөс хамтран Аймгийн хүүхдийн чуулганыг 3 дахь удаагаа хүүхдүүд өөрийн үзэл бодлоо бусдад илэрхийлэх, хүүхдийг хамт олон дунд хөгжүүлэх, төлөвшүүлэх, хүүхэд хамгаалалд хүүхдийг бодитой оролцуулан санал бодлоо солилцох, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх боломжийг бүрдүүлэх тэдний оролцоо манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор "ОРОЛЦООТОЙ ХҮҮХЭД ХӨГЖИЖ-ХӨГЖСӨН ХҮҮХЭД ХАМГААЛАГДАНА." агуулгын дор зохион байгуулагдлаа.

Тус чуулганы үйл ажиллагаанд Сүмбэр, Шивээговь, Баянтал сумын ЕБС-ийн 6-11-р ангийн нийт 125 сурагчид, Политехникийн коллежийн 25 төлөөлөгч оюутан, сургуулийн нийгмийн ажилтнууд нийт 170 гаруй зочид төлөөлөгчид оролцлоо.

Хүүхдүүдийн дуу хоолойг сонсохоор Аймгийн Засаг дарга Ш.Билэггүмбэрэл, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Оюунбилэг, Сүмбэр сумын засаг дарга П.Амарсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, , Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Зургаанжин, Дэлхийн Зөн ОУБ-ын хөгжлийн зохицуулагч Н.Сайнгэрэл, Цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч н.Сарнай, Хүний эрхийн Үндэсний Комиссын Говьсүмбэр аймаг дахь референт Б. Наранбаатар нар оролцлоо.

Хүүхэд нь гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээ, орон нутаг гэх 5 орчинд хамгаалагдана гэсэн заалтыг үндэслэн, эдгээр орчинд аймгийн хэмжээнд хүүхдийн хамгаалал ямар түвшинд байгааг илрүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах, асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулав.

Энэхүү чуулганаар: Гэр бүл дэх хүүхэд хамгаалал, Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал, Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал, Олон нийтийн арга хэмжээ үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, Хэвлэл мэдээлэл цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Орон нутаг дахь хүүхэд хамгаалал гэсэн сэдвээр 6 багт хуваагдаж илтгэл хэлэлцүүлж, хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийллээ.

Чуулганы үр дүнд гарсан шийдвэрлэх асуудлууд, санал санаачилга:

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт:
- Мэдээллийг хүлээн авах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ яаралтай түргэн шуурхай үзүүлэх, хүүхдийг эрсдлээс сэргийлэх арга хэмжээг авах
- Хохирогч хүүхдэд боловсролын үйлчилгээг тасралтгүй олгох, хүүхэд хамгааллын нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж эцэг эх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх
- Хүүхдийн ордныг барьж байгуулах

Аймгийн Засаг даргын Тамгын газарт:
- Бүхий л орчинг гэрэлтүүлэгтэй болгох
- Хүүхдэд зориулсан зориулалтын зөөлөн хучилттай талбай, авто машин зам, замын хөдөлгөөнөөс хол аюулгүй орчинд тоглох боломжийг бүрдүүлэх
- Сургуулийн орчин осол, гэмтлээс урьдчилан сэргийлсэн байршилтай байх, замын тэмдэг тэмдэглэгээ хийх
- Хүүхдийн дуу хоолойг байнгын давтамжтай сонсож асуудлыг шийдвэрлэдэг байх
- Сурах болон тоглох орчныг эрүүл аюулгүй хүүхдэд ээлтэйгээр тохижуулж өгөх
- Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй автобусны зогсох цаг, маршрутыг зогсоол бүрт байрлуулж иргэдийн тав тухтай үйлчлүүлэх байдлыг хангаж өгөх
- Гудамжны нохойны асуудлыг шийдвэрлэх

Эрүүл мэндийн газарт:
- Хүүхдийн нууцыг чандлан хадгалах
- Эрүүл мэндээрээ хохирсон хүүхдэд сэтгэл санааны дэмжлэг, тусламж үзүүлж байх
- Эмнэлэгийн эмч мэргэжилтний хүрэлцээ болон хариуцлагагыг сайжруулах
- Зөвхөн хүүхдэд зориулсан тусгай өрөөг тохижуулан нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэл олгодог байх
- Сургуулийн эмч нарыг мэдлэг мэдээллээр хангаж ажиллах
- Эмч, эмнэлгийн байгууллага хүүхэдтэй хүнлэг зөв боловсон харилцах

Боловсрол, соёл урлагийн газар:
- Цахим орчин дахь хүүхэд хамгааллын талаарх мэдээлэл, аппликейшний талаар эцэг эхчүүдэд илүү өргөн хүрээтэй мэдээлэл тогтмол хийх
- Цахим орчны талаар иргэний боловсрол, нийгмийн ухаан, амьдрах ухааны хичээлд оруулж заадаг байх
- Хичээлийн цагаар гар утас, цахим сүлжээг багшийн зөвшөөрөлгүй ашиглахгүй байхад хяналт тавих
- Сурч хөгжих аюулгүй байдлыг бүрдүүлсэн байх
- Хүүхдэд эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх боломжтой байх
- Сургууль бүр эмчтэй байх
- Суралцагчдыг аливаа дарамт, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд сургууль бүр хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлж үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах
- Хүүхдэд ээлтэй эрүүл аюулгүй, сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлж , хүүхдийн эрхийг ханган ажиллах
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сурах хөгжих орчныг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх
- Сургуулийн удирдлага, багш нар, сургуулийн бусад ажилчид сургуулийн орчинд хүүхдийг аюулгүй байлгах үүрэг хүлээдэг, ухамсарладаг байх
- Сургуулийн орчинд гадны хүмүүсийн мөрдөх дүрэм, заавар боловсруулах, хэрэгжүүлдэг байх, багш нар хүүхдийг ялгаварлан харьцдаггүй байх

Цагдаагийн хэлтэс:
- “ SCHOOL POLICE “ эцэг эхийн эргүүлийн ажиллах журмыг хэрэгжүүлэх
- Насанд хүрэгчид, эцэг эхчүүд хүүхдийг сонсож, тэдэнтэй ялгаварлахгүй харьцаж хандах

Орон нутгийн хүүхэд хамгаалалд эцэг эхийн оролцоо:
- Эцэг эхчүүд гэр бүлдээ цаг зав гаргаж хүүхдүүдтэйгээ ярилцаж байх.
- Эцэг эхчүүд цахим орчин дахь эрсдэлийг хэрхэн арилгах талаар судлах
- Эцэг эхчүүд хүүхдүүдээ цахим орчинд аппликейшн ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих
- Арав хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх.
- Тухайн салбарт ажилладаг албан хаагч бүр хүүхдийн эрх, хамгааллын тухай анхан шатны мэдлэгтэй байх, энэ талаар мэдээллийг эцэг эхчүүдэд ангийн багшаар дамжуулан хүргэх
- Насанд хүрэгч хүн бүр хүүхэдтэй зүй ёсны харилцааг эрхэмлэж, ялгаварлан гадуурхахгүйгээр дагуулан сургадаг байх
- Орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтад чанарын үнэлгээ хийж хяналтын камер байрлуулж хянадаг байх.
- Хүүхдийн эрх хамгаалал чиглэлээр анхан шатны мэдээ мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх.
- Хүүхэд хамгааллын хамтарсан багийн мэдээ мэдээллийг хүүхдүүдэд хүргэж ажиллах
- Хичээлийн бус цагаар эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналтаа сайн тавьж анхаарах гэсэн асуудлуудыг дэвшүүлж дараах саналуудыг орон нутгийн удирдлагуудад шийдвэрлүүлэхээр хүргүүллээ.