• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Т.Ихтамир: Зарим иргэдийг сонгуульд санал өгүүлэхгүй байх нь хүний эрхийн үндсэн зарчимд нийцэхгүй

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай уулзаж ярилцлаа. 

-Хүний эрхийн Үндэсний Комиссоос төрийн байгууллагуудад шалгалт хийж байгаа гэж сонслоо. Энэ талаар та бидэнд мэдээлэл өгнө үү? 

-Шалгалтуудыг нэлээд хэдэн байгууллагад хийгээд байна. Бид дөнгөж сая Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаад ирлээ. Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлүүдэд хяналт шалгалт хийлээ.

Улсын Их Хурлаас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Коронавируст халдвар буюу Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.5-д Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хорио цээр, хязгаарлалтын дэглэм, өндөржүүлсэн бэлэн байдлын үед төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан болон бусад байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавьж ажиллахаар заасан.

Үүнээс гадна Нэгдсэн Үндэстний байгууллагын “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр, хэрцгий, хүнлэг бусаар буюу нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхээс урьдчилан сэргийлэх дэд хороо”-ноос цар тахлын хэмжээнд хүрсэн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоохтой уялдуулан дэлхийн улс орнуудад Зөвлөмж өгсөн байдаг. Хүний эрхийн дээд комиссарын газраас ч уриалга, зөвлөмжийг мөн ирүүлсэн байгаа. Эдгээр хууль тогтоомж, зөвлөмжийн хэрэгжилт, нөхцөл байдал ямар байгааг ХЭҮК-оос хяналт шалгалт, үнэлгээ хийж ажиллаж байна.

-Сүхбаатар, Дорнод аймагт шалгалт хийж байна гэсэн нь ийм учиртай юм уу. Нөхцөл байдал ямар байна вэ. Ямар зөрчил илрэв? 

-Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг сар гаруйн өмнө байгуулагдаж, тусгай удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулж байна.

Өнгөрсөн 4-5 дугаар сард 26 обьектод шалгалт хийлээ. Эхнээсээ шаардлага, зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлээд байна. Эрх, эрх  чөлөөгөө хязгаарлуулж хорих анги, цагдан хорих болон саатуулах байранд саатуулагдаж буй хүмүүс, ахмадын, хүүхдийн асрамж халамжийн төв, түр хамгаалах байр, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэдийн тусламж, үйлчилгээ авах эрх, орчны нөхцөл байдалтай танилцаж, хяналт шалгалт хийсэн.

Манай ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт томилолтоор Хил хамгаалах ерөнхий газрын Дорнод аймаг дахь Баян-Уул, Мэнэн, Халх голын отряд, Зэвсэгт хүчний жанжин штабын Дорнод, Сүхбаатар аймаг дахь ангиудад ажиллаж, Ковид-19-ийн хорио цээрийн дэглэмийн үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцаж, шалгаад ирлээ. Нөхцөл байдал харилцан адилгүй байна.

Тухайлбал манай улсад цэргийн ангиуд хуарангийн системээр ажилладаг. Цэргийн дүрэмд зааснаар нэг цэргийн албан хаагчид ногдох талбайн хэмжээг хангаж байгаа хэдий ч өнөөгийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эрх бүхий байгууллагуудаас өгч буй зөвлөмжүүдийн дагуу хугацаат цэргийн албан хаагчид тус бүрийн хооронд 1.5 метрийн зайтай байрлуулах боломжгүй байна. Хяналт шалгалтад хамрагдсан анги, байгууллагуудын хувьд Ковид 19-өөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгай төлөвлөгөө гарган, биелэлтийг нь ханган ажиллаж байх бөгөөд зарим нь байгууллагын хувьд төсөв санхүүгийн хүндрэлтэй байдлаас үүдэлтэйгээр нэг удаагийн хамгаалалтын хувцас, хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, тэдгээрийн нөөц хангалтгүй, мөн тусгаарлах өрөө нь стандартын шаардлага хангахгүй зэрэг нөхцөл байдалтай байна.

Ажлын хэсэг энэ удаагийн томилолтоороо дээрх хоёр аймагт ажиллахдаа төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыгдавхар шалгалаа. Түүнчлэн Дорнод, Сүхбаатар аймагт буюу уул уурхайн бүс нутагт аж төрж байгаа охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх зэрэг ажлуудыг амжилттай гүйцэтгээд ирлээ. Дүнг урьдчилсан байдлаар танилцуулаад байгаа. Хүний эрх зөрчигдсөн тохиолдлуудад ХЭҮК-ын гишүүний Шаардлагыг хүргүүлж, зөрчлийг арилгуулна. Харин зөрчигдөж болзошгүй тохиолдолд ХЭҮК-ын гишүүн Зөвлөмж хүргүүлж, нөхцөл байдлыг сайжруулахад анхаарахыг зөвлөнө. 

-Иргэдийн сонгох, сонгогдох эрхийн хэрэгжилттэй холбоотой үнэлгээ хийх тухай сураг байсан. УИХ-ын 2020 оны сонгуулийн үед хүний эрхийн үндэсний байгууллага ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Дэлхий нийтийг хамарсан шинэкоронавирус цар тахлын хорио цээрийн дэглэмийн үед Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль болох гэж байна. Коронавируст халдвар/ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасны дагуу Комиссоос сонгуулийн хэсгийн хороод нь коронавирусээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч буй арга хэмжээнд хяналт тавьж ажиллахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Тодруулбал, коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор санал авах байрны гадна болон дотор хүн хоорондын зайг 1.5 метрээс доошгүй байх Засгийн газрын 188 дугаар тогтоолын хавсралтаар баталсан журмыг баримтлан сонгогчдыг бөөгнөрөл үүсгэхгүйгээр санал өгөх боломжийг бүрдүүлсэн эсэх, санал авах байрны ариутгал халдваргүйжүүлэлтийг холбогдох журамд заасны дагуу зохион байгуулж байгаа эсэх гэх мэт.

Хэрэв ямар нэгэн зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тэр даруй мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч ажиллах юм. Мөн ХЭҮК өмнөх сонгуулийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг санал өгөх боломж нөхцөл хэрхэн хангагдсан талаар дүн шинжилгээ, ажиглалт хийж ажиллаж байсан. 

-Тусгаарлалт болон гэрийн ажиглалтад байгаа хүмүүс сонгуульд санал өгөх боломжгүй гэх асуудал яригдаж байна, энэ талаар танай байгууллагын байр суурь ямар байна вэ?

-Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадаас авчирсан  иргэдийг 21 хоногийн хугацаанд тусгаарлах, түүний дараа 14 хоног гэрийн ажиглалтад байлгах зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Манай улс 2020 оны зургаадугаар сард хилийн чанадаас иргэдээ тусгай үүргийн онгоцоор татан авах тохиолдолд тэдгээр хүмүүс сонгуулийн санал авах байранд биечлэн очих боломжгүй нөхцөл байдал үүсч болзошгүй гэх үндэслэлээр тусгаарлах байранд байгаа болон гэрийн ажиглалтад байгаа хүмүүсээс санал өгөх боломжгүйг хүлээн зөвшөөрөх тухай нотломжийг урьдчилан гаргуулах тухай төсөлд манай байгууллагаас Улсын онцгой комисс санал авсан байгаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс тусгаарлалт, ажиглалтад буй сонгогчдоос сонгуульд санал өгөх боломжгүйг хүлээн зөвшөөрөх нотломж гаргуулан тэдний  санал өгөх боломжийг хязгаарлах нь “сонгууль бүх нийтийн тэгш оролцоог хангасан, сонгуулийн насны иргэн бүр сонгуульд оролцох эрхтэй” байх үндсэн зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа юм.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.2-т сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Иймээс үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор төрөөс хуулийн үндэслэлгүйгээр тусгаарлалт болон ажиглалтад байгаа иргэдийн Үндсэн хуулиар баталгаажуулсан сонгох эрхийг хязгаарлахгүй байх,сонгуульд саналаа өгөх нөхцөл боломжийг бүрдүүлж, сонгогчдыг коронавирусийн халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч ажиллах  нь зүйтэй юм.

-Хүний эрхийн Үндэсний Комисст иргэдээс гомдол, мэдээлэл их ирдэг үү. Тэдгээрийг шийдвэрлэхэд тулгамдаж байгаа асуудал байдаг уу?

-Хүний эрхийн Үндэсний Комисс жилд дундажаар 600-700 гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэдэг. Энэ тоо хорио цээрийн үед ч хэвээр байна. Гомдол, мэдээллийг эрхийн төрлөөр ангилбал, халдашгүй чөлөөтэй байх эрх, хөдөлмөрлөх эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах болон сурч боловсрох эрх болон бусад олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх зөрчигдсөн тухай гомдол зонхилж байна. Он гарсаар дэлхий дахинд тархсан шинэ коронавируст цар тахалтай холбогдуулан гадаадын улс орнууд хилийн хязгаарлалт тогтоосноос иргэд эх орондоо буцаж чадахгүй байгаа гомдол, мэдээлэл цөөнгүй ирж байна.

Бид иргэдэд аль болох түргэн шуурхай хүрч ажиллахын тулд 24 цагийн шууд утсыг ажиллуулж байгаа. Мөн цахимаар гомдол хүлээн авч байна. 21 аймаг дахь ажилтнууд маань хууль зүйн зөвлөгөө өгч, сургалт мэдээллийг иргэдэд тогтмол өгч ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын www.nhrcm.gov.mn цахим хуудас болон фэйсбүүк хуудсаар бидэнд хандаж болно. 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны нэгдүгээр сард Улсын Их Хурал шинэчлэн баталснаар Комиссын гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахад томоохон ахиц дэвшил гарах нөхцөл бүрдлээ. 

Комисс гомдол, мэдээллийн мөрөөрдангаар болон холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран хяналт шалгалт хийх, холбогдох этгээдийг дуудан ирүүлэх, баримт материалыг гаргуулан авах, тусгай мэдлэг шаардсан асуудлаар шинжээч томилох, дүгнэлт гаргуулах, төрийн болон байгууллага, хувь хүний нууцтай танилцах, аль ч байгууллагад саадгүй нэвтрэн орж, холбогдох албан тушаалтантай биечлэн уулзах зэрэг ажиллагааг явуулж, тухайн гомдол, мэдээллийг шийдвэрлэж байна. 

Тухайлбал, жилд дундажаар хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн, зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд Комиссын гишүүний 100 орчим шаардлага, зөвлөмжийг хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллаж байгаагаас гадна иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд төлөөлөн нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн этгээдэд хариуцлага оногдуулах саналаа хүргүүлэх, талуудыг эвлэрүүлэх, эрүү, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлж шалгуулах болон эрүү шүүлт тулгасан байж болзошгүй албан хаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурорт уламжлах зэргээр шийдвэрлэж байна.

Зарим тохиолдолд иргэдээс ирүүлсэн хүний эрх, эрх чөлөө зөрчсөнтэй холбоотой гомдол, мэдээлэл бүр нь үндэслэлтэй, үнэн зөв байдаггүй. Манай иргэд “би ийм эрхтэй” гэхээс биш, эрхээ эдлэхдээ ямар үүрэгтэй, үүргээ биелүүлэхгүй бол ямар хариуцлага хүлээж болох талаар ойлголт тун тааруу байх тохиодол бий. Иймээс иргэдийн хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал санагддаг.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. 

Эх сурвалж: ХЭҮК

uvs