• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018” танилцуулах семинар Хөвсгөл аймагт

“Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018” танилцуулах семинар 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймагт зохион байгуулагдав. Хүний эрхийн Үндэсний Комиссын тус аймаг дахь ажилтан уг семинарт оролцож холбогдох мэдээллийг авлаа.

Үндэсний Статситикийн хороо нь дээрх судалгааг Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сан, Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүн амын сангийн санхүүжилт, арга зүйн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулжээ. Танилцуулгын үеэр судалгааны ажлын хэсэг, багийн мэдээлэл, судалгааг хэрхэн явуулсан, судалгааны үр дүн, ололттой тал, зохион байгуулалт мөн судалгаанд орсон мэдээллийн талаарх үйл явцыг товч танилцуулав.

Уг судалгааг Тогтвортой Хөгжлийн зорилтын хүрээнд өргөжүүлэхдээ хүүхдийн сурах суурь чадвар, эцэг, эхийн оролцоо, насанд хүргэгчид болон хүүхдийн үйлдлийн чадвар, хохирсон байдал, өрхийн ундны усанд савханцар /Е коли/ илрүүлэх шинжилгээ, өрхийн эрчим хүчний хэрэглээ зэрэг шинэ бүлгүүдийг нэмж оруулан, зорилтот 6 аймаг, 2 дүүргийг хамруулсны нэг нь Хөвсгөл аймаг юм.

Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа нь Монгол Улсын хүүхэд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалал, аж байдал, тэдний эрхийн хэрэгжилт болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйл, хүн амын сайжруулсан ундны ус, ариун цэврийн байгууламжийн хэрэглээ, гар угаах газар, иоджуулсан давсны хэрэглээний талаарх статистик тоо мэдээллийг баяжуулах зорилготой юм байна.