• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ж.Бямбадорж: Хүний амь үй олноор эрсдэх аюул Монголд ойрхон байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржтой "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Б.Энхзаяа ярилцлаа. Тус сонины 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн нийтлэлийг уншигч танаа толилуулж байна.

-Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дүгээр илтгэлийг ХЭҮК-оос УИХ-д өргөн барилаа. Танай энэ удаагийн илтгэлд үндсэн дөрвөн асуудал тусгагдаж. Түүний нэг нь малчин эмэгтэйчүүдийн эрхийн тухай байна. Өнөөдөр Монголд малчин эмэгтэйчүүдийн эрх ямар байдалтай байна вэ?

-Энэ жилийн илтгэл дөрвөн үндсэн сэдэвтэй. Нэг дэх нь малчин эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, хоёр дахь нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, гурав дахь нь, химийн хортой, аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын асуудал. Дөрөвт, хүний эрхийн индекс ба Монгол Улсын байр суурь ямар байгааг хөндлөө.

Өнгөрсөн жил бид хөгжлийн бэрхшээлтэй охид эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлыг судалж, 18 дахь илтгэлдээ тусган УИХ-д өргөн барьсан юм. Тэр судалгааны явцад хөндөгдөн гарч ирсэн шинэ сэдэв нь малчин эмэгтэйчүүдийн эрхийн тухай асуудал байсан тул бид 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газрын санхүүжилтээр зургаан аймгийн 18 суманд судалгааг хийсэн. Өөр бусад олон эх сурвалжийг ч ашигласан. Өнөөдөр манайд нүүдлийн мал аж ахуй ямар билээ. Байгалийнхаа нөхцөлд захирагдсан, олон зуун жилийн өмнө ямар байсан өнөөдөр яг л тийм байгаа. Мэдээж хэрэг үзэж харах, унаа унаш, гэр орон гээд өөрчлөгдөж байгаа ч үндсэндээ малчин хүний хөдөлмөр хэвээрээ. Би өөрөө малчны хотонд төрж өссөн хүн. Үнэхээр малчин хүний хөдөлмөр маш хүнд. Гэхдээ өнөөдөр өнөөгийн хүн төрөлхтөний хүрсэн хөгжлийн түвшинтэй харьцуулбал бүр хэцүү болоод байна. Дэлхий хүнийг амьтнаас ялгагдах хамгийн гол шинж бол нийгэмдээ амьдрах ёстой гэдэг асуудлыг тавьдаг. Тийм учраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд татан оролцуул, өндөр настнуудыг тэтгэвэрт гаргаад битгий хая, нийгэмд нь байлга гэдэг. Тэгвэл өнөөдөр малчдын асуудал хүнд байна. Учир нь манайд мал өссөөр байгаа. Тийм учраас өнөөдөр хот айл гэдэг ойлголт байхгүй болж. Хот айл гэж хоёр, гурваараа айлсаж буугаад хот айл үүснэ биз дээ. Гэтэл одоо малчид жилийн дөрвөн улиралд ганц гэрээрээ, эхнэр нөхөр хоёр малаа малладаг болоод удлаа. Малчин эмэгтэйчүүдийн хувьд өрх толгойлсон малчин эмэгтэйчүүд бий болсоор байна. Гэтэл нэг суманд хоёр малчин эмэгтэй гэртээ нас барсан байдалтай олдсон байна. Нэг нь гурав хоног утсаа авахгүй болохоор хүүхдүүд нь яваад очихоор гэртээ нас барсан байх жишээтэй. Нөгөөх нь хотон дотроо малаа эргэж яваад нас барсан. Мал нь бэлчихгүй болохоор ойролцоо айлын хүмүүс нь яваад очиход нас барсан байсан.

-Маш эмзэглэмээр тохиолдол байна аа?

-Малчин хүн гэдэг нийгэмшиж, нийгмийнхээ дотор байх ёстой. Малчин эрчүүд мал хуй гэж явж байгаад сумын төв ордог. Тэнд найз нөхөд, хамаатан садангаараа явж сэтгэл санаагаа сэргээж байгаад буцдаг. Харин малчин эмэгтэйчүүд тав суурин газарт оччихоод гэртээ буцахаас татгалздаг болсон байна. “Би буцаж очихгүй” гээд дөрвөн настай хүүхдээ орхиод явж байгаа тохиолдлыг сумын удирдлага ярьж байсан. Үүнээс болж гэр бүл салж байна. Ийм олон жишээ бий. Аргагүй эрхэнд зургаан настай хүүхдээ сургуульд оруулахаар эхнэр сумын төвд ирдэг. Төвд ирээд зарим нь буруу тал руугаа нийгэмших нь их байна. Тэгээд гэр бүл салдаг, бэлгийн замын халдварт өвчин гардаг. Энэ асуудлаар нэлээд олон зөвлөмжийг УИХ-д хүргүүлж байгаа. Бид мал, бэлчээр гэж яриад байдаг болохоос биш малчдын нарийн харилцаа руу тэр бүр орж чадахгүй байна. Өнөөдөр коронавирус гээд айхавтар өвчин дэлгэрч байна. Өмнө нь ч иймэрхүү аюулт өвчин гарч л байсан. Түүнээс монголчууд бага хохиролтой үлдсэн нь бэлчээрийн малын буян. Өөрөөр хэлбэл, манай бэлчээрийн мал эрдэмтдийн хэлж байгаагаар 750-1500 төрлийн витаминт ургамал иддэг. Түүнийг нь бид хүнсэнд хэрэглэдэг учраас өвчинд тэсвэртэй байгаа юм. Коронавирустэй холбогдуулаад зарим хүмүүс энэ талаар санаа бодлоо илэрхийлж байна. Бэлчээрийн мал аж ахуйгаа хадгалж үлдье, монгол хүний генийг хүнсний болоод витамины хэрэгцээгээр хангаж байя гэвэл малчдын асуудлыг харгалзахаас өөр аргагүй байна. Малчдын асуудлыг харгалзахад гэр бүлийн асуудлыг авч үзэхээс өөр арга байхгүй. Өнөөдөр бид Европын холбоотой хамтран туслах малчны төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна.

-Жендэрийн эрх тэгш байдлын асуудал манайд нэлээд хөндөгддөг. Хуулийн хэрэгжилтийг Комисс юу гэж дүгнэсэн бол?

-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг бид хоёр жил тутамд гаргаж тавих ёстой. Энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлд хэрэгжиж байгаа төслийн дагуу манай баг таваас бусад аймагт ажилалаа. Харамсалтай нь коронавирусээс болоод таван аймагт ажиллаж чадаагүй байна. Бусад бүх аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчдад сургалт хийсэн. Тэр үеэр хяналт шалгалт хийж, судалгаа авсан. Түүнийхээ үндсэн дээр энэ жил нэлээд даацтайхан илтгэлийг гаргаж тавьсан байгаа. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш есөн жил, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсанаас хойш дөрвөн жил өнгөрч байгаа боловч Засгийн газар, яам, агентлаг, нутгийн захиргааны байгууллагуудын жендэрийн талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаанд Комиссоос хийсэн хяналт шалгалт, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэлд тулгуурлан дүн шинжилгээ хийхэд тухайн хуулийн хэрэгжилт тун хангалтгүй хэвээр байна.

-Энэ жилийн илтгэлээс харахад химийн хортой аюултай бодис хүний эрхийг зөрчиж байгаа гэсэн нь анхаарал татлаа. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Энэ бол маш ноцтой байдалд хүрсэн асуудал. Монголчууд бид ер нь даанч хэнэггүй юм. Өнөөдөр химийн хортой, аюултай бодисыг хадгалаагүй суурин газар гэж алга. Сургууль, эмнэлэг дээр хүртэл байна. Лабораторид хэрэглэдэг химийн хортой бодисын хугацаа нь дуусчихсан, авдаг газар байхгүй. Уг нь Онцгой байдлын газар хадгалах, устгах ёстой ч тэр нь хэрэгждэггүй. Дорноговь аймагт ажиллаж байхад Замын-Үүдэд манай мэргэжлийн хяналт, гаалийнхан зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн химийн хортой бодисыг их хэмжээгээр хураагаад авчихдаг. Гааль дээрх агуулахуудад химийн бодисоор дүүрчихсэн. Авдаг газар байхгүй. Бүх аймагт ийм нөхцөл байдал байна. Энэ бол хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаагаас гадна үй олноороо хүний амь эрсдэх аюул Монголд ойрхон байна. Уг нь хууль эрт батлагдсан. Харамсалтай нь өнөөдөр хүртэл тэр аюултай хортой бодисыг цуглуулж хадгалдаг газрыг барьж чадахгүй байгаа юм. Учир нь үе, үеийн Засгийн газар тэнд барья, энд барья гэхээр хуулинд нь заавал орон нутгийн иргэдээс санал авна гээд заачихсан. Гэтэл орон нутгийн иргэд нь “Яахаар ийм хортой аюултай зүйлийг манай нутагт хадгалж байх ёстой юм” гээд зөвшөөрдөггүй. Өөрөөр хэлбэл, бие бие рүүгээ түлхээд шийдлээ олоогүй асуудал. Одоо УИХ-аас шийдвэр гаргаж цэгцлэхгүй бол аюултай нөхцөл үүсч болзошгүй байна. Эцсийн эцэст төрийн байгууллагууд ч юу ч хийж чадахгүй байна.

-Монгол Улсын хүний эрхийн индексийг анх удаа онцолсон байна. Бид хүний эрх, эрх чөлөөг хангаж чаддаг орны тоонд орж чадаж байна уу, үгүй юу?

-Сэтгүүлч та нар байнга намайг зовоож асуудаг асуулт бол энэ. Хүний эрхийн асуудлаар Монгол хэддүгээр байранд явдаг юм бэ гэж. Хүний эрхийн гол, гол асуудлаар байр эзлүүлдэггүй юм. Гэхдээ индекс гаргаад явдаг. Жишээ нь, бидний энэ удаагийн илтгэлд эрхзүйт ёсны индекс, дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индеск, хэвлэлийн эрх чөлөөний индекс, дэлхийн боолчлолын индеск, боловсрлоын индекс, хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индеск, жендэрийн индекс, тогтвортой хөгжлийн индекс гэсэн индексийг онцолж үзлээ. Энэ нь олон улсын нэр хүндтэй, холбогдох орны Засгийн газрууд анхаарч үздэг байгууллагуудын гаргасан индеск. Мэдээж эндээс харахад Монголын хувьд хүндхэн л нөхцөл байдалд байна.

-Хэдийгээр энэ удаагийн илтгэлд ороогүй бидний орхиж болохгүй сэдэв бол хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн тухай юм. Өнгөрсөн онд энэ нөхцөл байдал ямар байв. Та бүхэн хэрхэн ажиллав?

-Мэдээж энэ асуудал сэтгэл эмзэглүүлж байгаа тохиолдлууд байна. Тэр бол бага насны хүүхдийг хүчирхийлэх явдал. Дээр нь хохирогчдыг давхар хохироодог нөхцөл байдал. Манайх хүн ам цөөнтэй. Аймаг сум бол бүр тодорхой. Гэтэл нөгөө хохирсон хүүхдийг манай хэвлэлийнхэн тийм хороо, сумын тэр иргэн тэдээс тэдэн насны хүүхдийг тэгж хүчиндсэн гээд зарлаж орхиод маш хүнд байдалд оруулж байна. Үүнээс болж нутаг орондоо амьдрахад хүнд байгаа төвд авчирч сэтгэл зүйн эмчилгээ хийлгэхэд хүрч байна. Мэдээж хэрэг нөгөө хэрэгтнийг жигшүүлэхээр олон түмэнд хүргэх нь зүйн хэрэг боловч хүүхэд хохирч байгаа шүү гэдгийг бодмоор байна. Дээр нь Монголд нэг муухай юм бий болж байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн ихэнх нь хойд эцэгтэй. Гэмт хэргийг хойд эцгүүд нь үйлдэж байна. Тэгэхэд даанч яав даа гэмээр ээжүүд байна. Хүчирхийллэд өртсөн хүүхдүүдийг тусгаарлах байранд байлгахаар ээж ирээд “Яаж амьдрах гэж байгаа юм. Юун сүртэй юм чи” гэж дарамтлах тохиолдол байна. Илэн далангүй хэлэхэд бас нэг дутагдал манайханд байна. Аймаг сумынхаа нэр хүндийг бодоод ноцтой хэргийг дарчих гээд байдаг тохиолдол байна. Тийм ч учраас бид хүний эрхийн зөрчлийн мэдээллийг авангуут аймгийн цагдаагийн байгууллагатай хамтарч ажилладаг.

-Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэгдээд хэрэгжиж эхлээд байна. Хүний эрх, эрх чөлөөг хангах арга ажиллагаа хуулиар хэр сайн баталгаажив?

-Энэ хуулийг бид өөрсдөө Хууль зүй дотоод хэргийн яамныхантай хамт сууж байгаад боловсруулалцсан. Тэр хэмжээгээр УИХ, Засгийн газрын гишүүдэд ойлгуулж батлуулж чадсан. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс бол Азидаа байдаг цөөхөн "А" статустай комиссын нэг. Азид Австрали, Шинэ Зеланд, Өмнөд Солонгос, Монголын Хүний эрхийн Үндэсний Комисс гэж л ярьдаг. Ийм нөхцөлийг өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүрдүүлж чадсан. Тийм ч учраас Монгол Улсын ХЭҮК-ын даргын хувьд Дэлхийн холбооны удирдах зөвлөлд дөрвөн жилийн сонгуульт ажлыг хариуцлаа. Би өөрийгөө магтаж байгаа юм биш. Тэгэх сонирхол ч алга. Дэлхийн холбооны ерөнхийлөгч миний бүрэн эрхийн хугацаа дуусахад миний нэрийг цохон тэмдэглэж “Монголын Комисс сайн ажилласан” гэж хэлж байсан нь надад сайхан санагдаж байсан. Өөр улсыг ингэж тодотгож хэлж байсныг 11 жилийн хугацаанд би л лав мэдэхгүй.

Бидэнд "А" статусаа алдах нэг эрсдэл байсан. Тэр нь Комиссын гишүүдийн томилгооны тухай. Парисын зарчим гэж 1993 онд батлагдсан зарчмаар магадлан итгэмжлэл таван жил тутам явуулдаг. Ихэнх орон "А" статусаасаа буурсан. Ингэх нь зөвхөн зөвлөх статустай болчихож байгаа хэрэг гэсэн үг. Тиймээс бид гишүүдийн томилгоог ил тод болгохоор шинэ хуулинд тусгаж өгсөн.

Хоёрдугаарт, Комиссын гишүүдэд тавих шаардлагыг өндөржүүлсэн. Өмнө нь Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн гурав байсан бол одоо тав болж байна. Гишүүн бүр тодорхой асуудлыг хариуцаж ажиллана. Энд нэг зүйлийг онцлоход 2014 онд манайх урьдчилан сэргийлэх механизмыг байгуулах Олон улсын гэрээнд нэгдсэн. Уг нь Олон улсын гэрээг соёрхон баталснаас зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж эхлэх ёстой. Бүр цаад талын хугацаа нь нэг жил байдаг. Гэтэл манай улс зургаан жил хэрэгжүүлээгүй өдий хүрсэн байдаг. Тиймээс үүнийг хэрэгжүүлэхээр хараат бус нэг гишүүн бий болсон. Төсөв нь манай комисс дээр, чиглүүлэх үүрэг Комиссын даргад оногдож байгаа ч хараат бусаар ажиллах институц гарч ирж байгаа.

-Та бүхэн монгол хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг гаргаж ирээд тавьдаг. УИХ, Засгийн газарт зөвлөмж өгдөг. Гэвч зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй талаар жил бүр хөндөгддөг шүү дээ?

-Тийм. Энэ байдлыг засах нэг том өөрчлөлт хуульд орсон. Өмнө нь УИХ хэлэлцэнэ гээд орхичихдог, Байнгын хороон дээр хэлэлцсэн болоод өнгөрдөг байсан. Одоо бол илтгэлийг УИХ-ын чуулганаар заавал хэлэлцүүлдэг хатуу журамтай боллоо. Тэгэхээр асуудал нэлээд өөр болох болов уу гэж бодож байна. Түүгээр зогсохгүй ХЭҮК-ын гишүүн зөрчлийг арилгуулах шаардлага бичих л боломжтой байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр тэр шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцохоор тодорхой заалт оруулсан. Нэг асуудал горимын саналаар ороод батлагдсан. Эрүүдэн шүүсэн байж болзошгүй асуудлыг гаргаж тавьсан нөхцөлд эрүүдэн шүүсэн албан тушаалтныг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлдэг болж байгаа. Хууль мөрдөгдөж эхэлснээс хойш нэлээд гомдол манайд ирж байна. Энэ бол зөв алхам болсон болов уу. Эрүү шүүлт гэхээр манайх Манжийн үеийг л санадаг. Гэтэл олон улсын гэрээ конвенциор эрүү шгүүлт гэж маш олон төрлийн хэлбэрийг хамруулж үздэг.

УИХ-ын гишүүд нэг асуудад жигд анхаараасай гэж би хүсдэг юм. Үнэнийг хэлэхэд өнгөрсөн жилийн илтгэлийг хэлэлцэхэд С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлыг Байнгын хороон дээр ч, дэд хороон дээр ч, чуулган дээр ч ярьсаар байгаад өнгөрсөн. Өөр наана нь байсан ноцтой асуудлууд дээр гишүүд олны анхааралд өртөхөөр санал шүүмжлэл гаргаж яриагүй. Одоо харин энэ дөрвөн асуудлыг алагчлахгүй ярих байх гэж найдаж байна.

-Энэ жил ХЭҮК ажиллаж эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Та бол энэ хугацааны хагасаас илүүд энэ байгууллагыг удирдсан хүн. Хүний эрхийн нэг зөрчил гарахад манайхан хамгийн түрүүнд ХЭҮК руу хандуулдаг, дайрдаг. Ажиллаж чадахгүй байна гэх мэтээр шүүмжилдэг. Та энэ байгууллагыг багагүй хугацаанд удирдсаны хувьд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хэрхэн үздэг болов, хамгаалж чадаж байна уу?

үний

-1992 онд Үндсэн хуулийг гараараа бичсэн хүний нэг би учраас Үндсэн хуулиндаа өөрийн төрсөн үр хүүхэд шигээ хайртай байдаг. Мэргэжил маань ч тийм. Б.Чимид гуай С.Төмөр бид хоёрыг авчирч анхны гарчиг тавихаас эхэлж дэргэдээ суулгаж ажиллуулсан. Сүүлд Ж.Амарсанаа орж ирсэн. Үргэлжлээд маш олон хүн орж ирсэн. Одоо бол Үндсэн хууль боловсруулаагүй хүн гэж Монголд байхгүй болж байх шиг байна. 1992 онд Үндсэн хууль батлагдаж хүний эрх, эрх чөлөөг бодитой эдлүүлэхийг зорьж байсан тэр жилүүдэд хүний эрх гэсээр байгаад нийгэм замбараагүй боллоо гэсэн ойлголт ахмадуудын дунд маш их бий болсон. Арга ч үгүй. Социализмын үед хүний эрхийн бүх заалтууд байдаг мөртлөө хэлбэрийн төдий. Харин иргэний үүрэг шалгадаг байсан үе шүү дээ. Гэнэт эрхийн асуудал яригдаад эхлэхээр туйлшрал гарч ирсэн. Эрх гэдгээ ойлгоогүй. Уг нь хүний эрх гэдэг нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хэлдэг. Иргэн тэр боломж нөхцөлийг өөрөө бүрдүүлдэг. Төр ч бас бүрдүүлэхэд оролцдог. Энэ боломж нөхцөл алдагдвал хүний эрхийн зөрчил болдог. Эрх зүй, эдийн засаг, улс төрийн баталгаа байж сая эрх, эрх чөлөө хэрэгждэг. Тэгэхээр эрх, эрх чөлөө гэдэг хариуцлагыг давхар агуулсан. Миний эрх, эрх чөлөө чиний эрх, эрх чөлөөгөөр хязгаарлагдана. Энэ бол хатуу зарчим.

Тэгэхээр өнөөдөр нийгэмд хүний эрх, эрх чөлөө гэдгийг арай өөр байдлаар ойлгодог болсон. Нэг хэсэг та нар эрх хүүхэд байлгалаа гэдгээ больж энэ чинь бас зайлшгүй хүн байгаа газар шаардах ёстой юм байна шүү гэдгээ монголчууд мэддэг боллоо. Төрөөс, төрийн албан хаагчдын зүгээс, нийгмийн зүгээс хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгааг найман настайгаас наян настай буурал хүртэл мэддэг болсон. Намайг 2010 онд ажил авахад жилд 200 гаруй өргөдөл гомдол хүлээж авдаг байсан. Одоо 600-700-г авч байгаа. Хяналт шалгалтын тоо өссөн. Тэгэхээр ХЭҮК өнгөрсөн хугацаанд энэ уур амьсгалыг бүрдүүлж чадсан байна. Дээр нь нэг зүйл хэлэхэд манайд ажиллаж байгаа залууст хүний эрхийн мэдрэмж, мэдлэг, боловсрол, хандлага бүрэн сууж чадсан. Том капитал манайд байгаа юм гэж боддог.

Ярилцсан: Сэтгүүлч Б.ЭНХЗАЯА