• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хохирсон хүүхдүүд

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.

Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр хамгаалагдсан хүүхдийн эрх, эрх чөлөөний нөхцөл байдалд судалгаа хийж байгаа бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын хэмжээнд өсвөр үеийнхний БЗДХ-ын өвчлөл, өсвөр насны охидын төрөлт, үр хөндөлт, ураг зулбалт, эх хүүхдийн эндэгдэл болон хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, нөхөн үржихүйн эрхийн эсрэг гэмт хэргийн мэдээлэл зэргийг холбогдох байгууллагуудаас гаргуулан авч, тэдгээрт дүн шинжилгээ хийлээ.

2019 онд улсын хэмжээнд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг нийт 610 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Эдгээр гэмт хэрэгт 624 хохирогч бүртгэгдсэнээс 359 нь буюу 57.53 хувь нь хүүхэд байна.

Тухайлбал, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийн 5 хохирогчийн 3 нь, бэлгийн мөлжлөг гэмт хэргийн 6 хохирогчийн 4 нь, хүчиндэх гэмт хэргийн 492 хохирогчийн 253 нь хүүхэд байна.

Цагдаагийн ерөнхий газраас ирүүлсэн мэдээллээс дүгнэж үзвэл орон нутагт Хангайн бүс тэр дундаа (Хөвсгөл), Төвийн бүс (Сэлэнгэ, Дорноговь)-ийн аймгууд, Нийслэлд Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдэд хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хүүхэд хохирогч болсон тохиолдол харьцангуй олон бүртгэгджээ.

Сүүлийн 2 жилийн байдлаар хүчиндэх буюу Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүүхдүүдийн тоо хамгийн их (нийт хохирсон хүүхдүүдийн 73.17%) байна. Насаар ангилан авч үзвэл, 2018 оны байдлаар 14-17 насны хүүхэд 62.4 хувийг, 8-13 насны хүүхэд 31 хувийг, 7 хүртэлх насны хүүхэд 6.6 хувийг, харин 2019 оны байдлаар 14-17 насны хүүхэд 50.6 хувийг, 8-13 насны хүүхэд 37.94 хувийг, 7 хүртэлх насны хүүхэд 11.46 хувийг тус тус эзэлж байгаа буюу 2018 оны үзүүлэлтээс насны хувьд залуужсан байна.