УИХ-аас 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, мөн УИХ-ын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн томилогдсоноор ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдаж, Монгол Улсад хүний эрх хамгаалагчийг хамгаалах механизм бүрдсэн.
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо ажиллах бөгөөд Хороо нь даргаас гадна 6 гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Тус Хороог Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн даргална.
Хорооны гишүүдийн дөрвийг ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төлөөллөөс нээлттэй сонсголоор сонгон шалгаруулж, хоёрыг нь Монголын Хуульчдын холбоо болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны тус бүр нэг, нэг төлөөллийг 3 жилийн хугацаатайгаар хорооны гишүүнээр томилж, Комисс батламжилна гэж заасны дагуу Комиссын даргын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/29, А/30, А/32, А/33 дугаар тушаалаар “Гүнж төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, зөвлөх Ч.Ундрах, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Хүний эрх, хуулийн газрын дарга Ц.Отгонтунгалаг, МХХ-ын гишүүн, хуульч Х.Баасанжаргал, МӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Л.Баасанжав, 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/10, А/11 дүгээр тушаалаар “Төв тусгал” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Сундуй, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүнээр тус тус томилогдон ажиллаж байна.
Хүний эрх хамгаалагчийн хорооны чиг үүрэг:
- Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах;
- Гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах;
- Хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх;
- Эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх;
- Холбогдох хуулийн хэрэгжилт болон хүний эрхийн хамгаалагчийн нөхцөл байдалд хяналт шинжилгээ, судалгаа хийж, жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд тусгуулах;
- Гомдол, мэдээллийн сан бүрдүүлэх.
Хориглох зүйл:
- Хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулах, явуулахыг уриалах;
- Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглах;
- Хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах.
Хүний эрх хамгаалагчийн эрх:
- Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах үйл ажиллагаа явуулах, сайн дураар оролцох;
- Хүний эрхийн талаарх шинэ ойлголт, зарчмыг боловсруулах, хэлэлцэх, олон нийтэд таниулах, хүлээн зөвшөөрүүлэхэд нөлөөлөх;
- Эвлэлдэн нэгдэх, төрийн бус байгууллага, эвсэл, холбоо, бүлэг, нэгдэл байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд оролцох;
- Үндэсний болон гадаад улсын, бүс нутгийн болон олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах;
- Нууцад хамааруулснаас бусад мэдээллийг төрийн байгууллага, хуулийн этгээдээс хуульд заасан аргаар хайх, олж авах, хэвлэн нийтлэх, хадгалах, бусадтай хуваалцах;
- Олж авсан мэдээллийн эх сурвалжийг тухайн хүний эрхийн зөрчил арилж, эрх нь бүрэн сэргээгдэх хүртэл хугацаанд нууцлах;
- Хууль тогтоомжийн төслийг хүний эрхийн зарчимд нийцүүлэх зорилгоор олон нийтийн анхааралд хандуулах, тодорхой санал боловсруулах, хэлэлцүүлэх, хууль тогтоогчид хүргүүлэх;
- Хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, шаардлагатай санал зөвлөмж боловсруулах;
- Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах чиг үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор санал, хүсэлт, гомдол гаргах, хүний эрхийн зөрчил, хууль бус үйлдэлд анхаарлыг нь хандуулах, энэ талаар бусдад мэдээлэх;
- Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор тухайн этгээдийн бичгээр гаргасан зөвшөөрлөөр түүнийг төлөөлөх;
- Өөрийн болон бусдын эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдлийн талаар холбогдох олон улсын гэрээнд заасан журмын дагуу олон улсын хүний эрхийн байгууллагад хандан гомдол гаргах;
- Шүүх хуралдаан, нийтийн сонсголд ажиглагчаар оролцох, төрийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг дагаж мөрдөж байгаа
- эсэхэд байр сууриа илэрхийлэх;
- Хүний эрх хамгаалагчийн хувиар явуулсан үйл ажиллагааныхаа үед халдлагаас хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, эдийн болон эдийн бус хохирлоо хуульд
- заасан журмын дагуу барагдуулах, нөхөн төлбөр авах.
Төрийн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн үүрэг:
- Хүний эрх хамгаалагчийн эрхийг хүлээн зөвшөөрөх, зөрчихгүй байх;
- Үйл ажиллагаанд нь хүндэтгэлтэй хандах;
- Хүчирхийллийн бус, тайван аргаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх;
- Шаардлагатай мэдээллээр хангах;
- Хуульд заасан үндэслэлгүйгээр хүний эрх хамгаалагчид аливаа хэлбэрээр халдахгүй байх;
- Хүний эрх хамгаалагчийн үйлдлийг хамгаалах зохицуулалтыг байгууллагын дотоод журамд тусгаж, хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах;
- Хүний эрх хамгаалагчид халдсан тухай мэдээлэл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг гомдол гаргагчид болон Хороонд бичгээр хүргүүлэх.
- Цагдаагийн байгууллага хүний эрх хамгаалагчид халдсан халдлагыг таслан зогсоох, түүнийг өөрийнх нь зөвшөөрснөөр, эсхүл Хорооны эрсдэлийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авна.
- Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хариуцсан чиг үүргийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлнэ.
Хүний эрх хамгаалагч таны эрх зөрчигдсөн гэж үзвэл та гомдлоо ХЭҮК-ын цахим сайт-ын гомдол, мэдээлэл гаргах гэсэн цэсэд гаргаж болохоос гадна ХЭҮК-ын байранд биечлэн эсхүл гомдол хүлээн авах 7000-0222 дугаар утсанд холбогдож гаргана уу.